Жинхэнэ найз

2019-03-02 5933 0

 

Нүүрэн дээр чинь учиргүй магтаж нүднээс далдуур муулж явдаг хэрэгтэй үедээ ашиглаад, хэрэгтэй үед чинь зугтаж орхидог найз гэж дуудаж явдаг хүн таньд хичнээн байдаг вэ. Найзаа гэж дууддаг нөхөд хэдий олон байвч насан туршдаа нөхөрлөдөг нь харин цөөхөн. Амьдрал хэмээгч их далайд нэгэн завинд хамтдаа сууж хүчит давалгааг сөрөн сэлүүрдэх найзуудтай байна гэдэг үнэхээр сайхан. Гэвч сайн найз гэдэг цаг хугацааны урсгалаар тэрхүү амьдралын хүчит давалгаанд цохигдсоор аяндаа шилэгдэж үлддэг. Тэгвэл сайн найз гэж хэн бэ? Уйлах үед чинь инээлгэдэг алиа салбадай, аль эсвэл чиний өмнөөс ажлыг чинь амжуулдаг боол зарц уу, эс аваас чиний өмнөөс үхэж чадах бие хамгаалагч юм уу. Муугаар хэлэхэд сайн найз гэдэг ийм л байх ёстой болов уу. Харин эергээр төсөөлвөл арай ондоо. Сэтгэл хямраад шаналж суухад урмын үгээ харамгүй хайрладаг аав ээж, амьдралдаа гутраад ууж суухад түшиг болдог ах эгч, буруу бүхнийг засахад тусалдаг багш хүмүүжүүлэгч тэр бол сайн найз мөнөөсөө мөн.

Хорвоогийн юмс үзэгдэл бүхэнд өөрийн гэсэн тодорхойлолт, мөн чанар байдгийн адил сайн найзад ч өөрийн гэсэн тодорхойлолт, мөн чанар гэж бий. Гэтэл сайн найзыг тодорхойлох тунч хэцүү. Зүгээр л өөрийн хэдэн үгсээр тодорхойлоод мөн чанарыг нь илтгэх гээд үзий л дээ.

“Сайн найз гэдэг хэн хүн гэлтгүй бүгдийн сэтгэлд бүхнээс илүү дотно оршдог хамгийн эрхэм хүмүүсийн нэг юм”. Тодорхойлолт хэл гэвэл би ингэж л хэлнэ.

 

Харин та юу гэж тодорхойлох вэ?. Түүнчлэн та найзынхаа хувьд хэн бэ. Найзууд чинь таныг сайн найзаа гэж дүгнэдэг үү аль эсвэл зүгээр л цагын урсгалаар алга болох түр зуурын найз гэж дүгнэдэг болов уу?. Үүний тухай бодох хэрэгтэй, зүгээр л бодоод өнгөрөх биш нухацтай бодох хэрэгтэй. Хүн хүн өөрийн найзуудаа янз бүрээр дүгнэж өөр өөр шалгуураар шалгаж үүрдийн найзуу, хоромын найзуу гэдгийг нь тодорхойлдог биз ээ. Эртний хятадын гүн ухаанч Кунз “Сайн сайхан үед биш, хүнд хэцүү үед хүний мөн чанар танигддаг” гэж хэлсэн байдаг. Бодоод үзвэл үнэн л үг. Тэрч бүү хэл дээрх үгийг ой тойндоо ортол тогтоогоод авахад илүүдэхгүй нь лав. Угаас амьдрал гэдэг их багш танд аяндаа сургана. Хүнийг хэрхэн дүгнэж, яаж таньж мэддэг болох уу, ямар хүнтэй ханилж нөхөрлөх үү гээд бид бүхэнд багшлах зүйл түүнд мундахгүй ээ. Гол нь өнгөрсөн хойно нь харамсаж суух бус цагаас нь өмнө мэддэг болоход л таны хэр сурагч вэ гэдэг л чухал шүү дээ.

Бидний өвөг дээдэс хойч үедээ амьдрах замыг нь гэрэлтүүлж өгөхийн тулд олон арван сургаал үгс, зүйр цэцэн, онч мэргэн үгсээр амнаас ам дамжуулан ярьж хорвоогийн сайн мууг таниулж өгсөн билээ. Үүний тод жишээ бол “Хүнийг найзаар шинж” гэдэг гашуун боловч үнэн үг юм. Дээрх мэргэн үгсийн утгыг тайлах аваас хувь хүнийг таних гэж цаг хугацаа алдахын оронд цаад хүнийхээ найзуудыг нь шинжээд үз гэсэн санааг илэрхийлж байна. Учир нь хэн нэгэнтэй танилцаад л тэр хүнийг шууд таньж мэдэж чадахгүй шүү дээ. Үүнийг ч мөн адил “Хүний сайныг ханилан байж мэддэг, хүлгийн сайныг унан байж мэддэг” гэх сургаал үгээр эцэг өвгөд маань сургамжилсан байдаг. Ингээд бодохлоор сайн найзтай болно гэдэг үнэхээр хэцүү юм. Харин эсэргээрээ сайн найзтай байна гэдэг олон давуу талтай юм. Гагцхүү сайн найзаа яаж таньж мэдэх вэ? гэдэг хүндхэн асуудалтай бид бүхэн яалт ч үгүй тулгарна.

Сонголт бас дахиад л сонголт. Хорвоо чи юунд ингэж биднийг зовооно вэ?. Хэмээн хашгирмаар ч юм шиг олон арван сонголтын өмнө дандаа хүрч очих юм. Амьдрал гэдэг олон арван салаа замтай зам бүхэн нь дахиад л салаалдаг эцэс төгсгөлгүй тэр чигээрээ сонголт. Сайн найзыг ч мөн адил энэ олон сонголтууд дундаас сонгож л авдаг. Харин сайн найз тэрхүү сонголтыг зөв хийхэд танд тусалдаг. Тиймээс л сайн найзтай байна гэдэг үнэхээр сайхан, үгүйдээ үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг юм шүү дээ.

Сайн найз гэдэг заавал хэн нэгэн байх албагүй. Ээж аав, ах эгч дүү, хамаатан садан, авааль эхнэр тэрч бүү хэл нохой муур туулай эсхүл машин тэрэг гээд таны сайн найз хэн ч ямар ч амьтан, эд зүйлс байж болно.
Хэн нэгний сайн найз байна гэдэг хялбар зүйл биш. Үүний тулд та олон зүйлд суралцах хэрэгтэй болно.

Жишээлбэл: сэтгэл судлаач, алиа хошин байдал, гүн ухаан, амьдралд хэрэгтэй наад захын энгийн зүйлс гээд олон арван зүйлд суралцах хэрэгтэй болдог. Гэхдээ хамгийн гол нь танаас сэтгэлийн асар их хүч тэнхээ тэвчээр л шаардагдана. Эцэст нь би найзынхаа сайн найз мөн үү?. Би найзынхаа сайн найз нь байж чаддаг болов уу? гэсэн асуулт мөн үүнд хариулах таны хариулт л танд үлдэж байна. Танд амжилт хүсье!

Нийтлэлч сэтгүүлч Г.Энхбаясгалан

Холбоотой мэдээ